Евроазийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломжийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу манай улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд импортын тарифыг тэглэхээр тохирсны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна.
Энэ нь мах,
махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, нэхмэл эдлэлийн экспортыг нэмэх,
мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 180 сая хүн ам бүхий
томоохон зах зээлийг нээх, уул уурхайн бус экспортын төрөлжилтийг дэмжих ач
холбогдолтой юм.
ЭЗХЯ-ны
мэдээлснээр, хэлэлцээрийн үр өгөөж, бэлтгэлийг хангахаар Евроазийн
эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан замын зураглалыг
боловсруулж байна. Энэ
хүрээнд хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцох, мал, ургамлын эрүүл
мэндийг хамгаалах, лабораторийн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрөх
зэрэг экспортыг дэмжиж байна.
ЭЗХЯ-наас Монгол
Улс Евроазийн эдийн засгийн
холбоо (ЕАЭЗХ)-той байгуулсан худалдааны
түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх
хүрээнд мах, махан бүтээгдэхүүний салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан
мэдээлэл, санал солилцох уулзалт зохион
байгуулсан юм. Энэ үеэр ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
И.Батхүү, Монголын махны
холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь тэргүүтэй экспортлогч аж ахуйн нэгжийн
төлөөлөл салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, боломжийн талаар байр
сууриа илэрхийлэв.
Уулзалтад
ХХААХҮЯ, ГЕГ, МЭЕГ, СХЗГ, Монголын
махны холбооны удирдлага,
экспортлогч компаниуд оролцож, Евроазийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж, анхаарах
асуудлын талаар ярилцлаа.
Евроазийн
эдийн засгийн холбооны гишүүн таван улсаас ОХУ, Бүгд Найрамдах Беларусь, Казахстан Улс хэлэлцээрийг соёрхон
батлаад байгаа бол Бүгд
Найрамдах Киргиз, Армени Улс соёрхон батлуулахаар парламентдаа өргөн
бариад байгаа ажээ.