Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын багц хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй зэрэгцэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн нөөц санг бий болгон тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн.
Тэгвэл 2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд
302.7 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Засгийн газрын 2024 оны 256 дугаар
тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах,
байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам”-ыг
баталсан. Уг журамд заасны дагуу Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг
найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн
газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн
дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны
банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн
хэрэгсэлд хөрөнгө оруулахаар зохицуулжээ.
Банкны системд нөлөө бүхий арилжааны дөрвөн
банканд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ”
байгуулан тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай,
жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэй хадгаламж хэлбэрээр
байршуулсан байна. Үүний дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум
төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын өгөөж 2.5 тэрбум төгрөгийг хүлээн авч тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг
өсгөжээ.
