СЭЛЭНГЭ: Зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-09 09:44:34

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зүрх, судасны өвчлөлийг илрүүлэх, оношлох нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг Сүхбаатар суманд зохион байгууллаа.

 

Энэхүү үзлэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон тулгуур эрхтний хүндрэлтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал иргэдэд хүрч үйлчилж байгаагаараа онцлогтой юм.

 

Үзлэгээр иргэдийн зүрх, судасны өвчнөөр ойрын 10 жилийн хугацаанд өвчлөх эрсдэлийн түвшнийг тодорхойлохын зэрэгцээ зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ), зүрхний өнгөт эхо, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөмж өгчээ.

 

Улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн сувилагч Ч.Баасанжав, “Сэлэнгэ аймгаас тус эмнэлэг рүү ирэх алсын дуудлага болон зүрх судасны тусламж авах иргэдийн хувь өндөр байдаг. Мөн статистик үзүүлэлтээр зүрх судасны өвчлөлийн нас баралт нь бусад аймаг болон улсын дунджаас өндөр байгаа тул тус аймгийг сонгон ирж ажиллалаа” хэмээн ярилаа. 


Сүхбаатар сумын Ахмадын сувиллыг түшиглэн зохион байгуулсан уг үзлэгээр Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн 7 эмч, 5 сувилагч нийт 150 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна.

 

Үзлэгийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг хамтран зохион байгууллаа.  

相关新闻