“Илгээлт-2100” хөтөлбөрөөр Финландын их сургуулиудад суралцах боломжийг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад энэ сарын 4-6-нд ажиллаж, Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанд оролцов. Мөн тэрбээр Финландын Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутцтай албан уулзалт хийв.
Уулзалтаар талууд Монгол, Финландын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт Финландын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсоныг Боловсролын яамнаас мэдээллээ.
Тухайлбал, хоёр орны их сургуулиудын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр цахим уулзалтыг анх удаа 2025 онд зохион байгуулсан. Үүнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, Финландын Оулу, Аалто их сургуулиуд, Зүүн Финландын их сургууль болон Хелсинкийн их сургууль оролцож, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцжээ. Цаашид ээлжит үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
Түүнчлэн Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын судалгаа, эрдэм шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх, багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.
Мөн монголын оюутан залуусыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буй Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Финландын их сургуулиудад 2026-2027 оны хичээлийн жилээс монгол оюутнуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэхээ Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутц илэрхийлэв.
Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр Турку их сургуулийн эрдэмтэд сурагчдын дунд дээрэлхэлтийн эсрэг цогц судалгааг зохион байгуулж, түүнд суурилсан, системтэй аргачлалыг хөгжүүлж, “KiVa” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Боловсролын сайд П.Наранбаяр Финландын "KiVa" хөтөлбөрийг боловсруулсан багийг Монголд ажиллуулж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын орчин, нөхцөлд байдалд цогц үнэлгээ хийж, хамтарсан хөтөлбөр боловсруулах, сургуулиудад туршилтаар хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, хамтарч ажиллахаар тогтов.
