“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-09 16:47:37

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн нээлттэй өдрүүд Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд өнөөдөр эхэллээ.


Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны орчныг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.


Шадар сайд Т.Доржханд ярихдаа, “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчидтэй хамтарсан уулзалт зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар Монголын хувийн хэвшлийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, бодит төслүүдийг урагшлуулахад чиглэж байгаа хэмээн тодотгов.


Мөн тэрбээр, “Сүүлийн 30-35 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо бага байсан тул төрөөс дангаараа станц барих оролдлого хийсэн ч санхүүгийн боломж хүрэлцээгүйгээс зарим төслийг хэрэгжүүлж чадаагүй. Иймээс цаашид салбарыг хувийн хэвшилд илүү нээж, тарифын тодорхой өөрчлөлт хийж эхлээд байна. Энэ салбарт одоогоор нийт 8 их наяд төгрөгийн санхүүжилт босгох боломж бүрдсэн. Мөн олон улсын байгууллагууд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгаа. Гэвч мэргэжлийн хүний нөөц, туршлагатай компаниудын тоо цөөн байгаа нь энэ боломжийг бүрэн ашиглахад хангалтгүй байна. Иймээс Монголын хувийн хэвшлийг гадаадын хөрөнгө оруулагчидтай холбож, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Эрчим хүчний салбар цаашид эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт нэмэгдүүлэх чухал салбар болно гэж үзэж байна” гэв.


Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зандан ярихдаа, “Хөрөнгө оруулалт татах эхний үйл явц ихэвчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамдтай хамтран боломжит төслүүд, экспорт болон бизнесийн боломжуудыг танилцуулж, вебинар, танилцуулга зэргийг зохион байгуулдаг. Дараагийн шат нь бизнес хөгжлийн үе шат бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэх төрийн болон хувийн хэвшлийн төслийг цуглуулж, гадаадын зах зээлд сурталчлах бэлтгэлийг хангаж байна. Одоогийн байдлаар хувийн хэвшлийн 40 гаруй төсөл, төрийн хэд хэдэн төслийг бэлтгээд байна. Гурав дахь шат нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад ирсний дараах үйлчилгээ юм. Эдийн засаг, хөгжлийн яамны “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулан хөрөнгө оруулагчдад төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос үзүүлж, монголын компаниудтай холбох, амьдрах болон бизнес эрхлэхэд шаардлагатай мэдээллийг өгөх зэрэг дэмжлэгийг санал болгож байна. Мөн хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шийдвэрлэх, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв ажиллаж байна" хэмээн тодотгов. 


Мөн тэрбээр, "Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд ямар салбарууд илүү боломжтой вэ гэдэг талаар товч дурдвал, одоогоор уул уурхайн салбар хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж буй, боломж ихтэй салбар хэвээр байна. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, ногоон технологийн чиглэл хөрөнгө оруулалт татах боломжтой. Мөн хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн бүтээгдэхүүнийн чиглэлд илүү их боломж бий. Манай улс ноос, ноолуурын салбарт дэлхийн томоохон экспортлогчдын нэг болсон. Дэлхийн зах зээлд ноолуур томоохон байр суурь эзэлж байна. Үүнээс гадна адууны махны экспортоор ч мөн дэлхийд томоохон нийлүүлэгчдийн нэг болоод байна. Иймээс энэ амжилтаа бататгаж, илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох боломж бий. Үүнтэй зэрэгцээд энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татах боломж ч бүрдэж байна. Мөн 2025 оны байдлаар Монгол Улсад нийт 50.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрсөн боловч үүний ердөө 0.6 хувь нь тээвэр, ложистикийн салбарт ногдож байна. Иймд далайд гарцгүй орны хувьд тээвэр, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд илүү их хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Цаашид дижитал салбарыг дэмжих, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахад анхаарах нь зүйтэй” гэв.


Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг 2023 онд байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Тус байгууллагын үндсэн чиг үүрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, экспортыг дэмжих  аж.

相关新闻