Бизнесийн орчныг сайжруулж, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, ил тод байдал, шийдвэр гаргах хурдыг сайжруулах шаардлагатайг хоёр дахь өдрөө үргэлжилж буй эдийн засаг, санхүүгийн салбарыг онцлох өдрөөр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл тодотгов.
“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх эдийн засгийн чиглэлтэй хууль, эрх зүйн чухал асуудлыг хөндөж байна. Тухайлбал, татварын багц хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг асуудлыг чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хөрөнгө
оруулагчид аль улсын макро эдийн засгийн үзүүлэлт тогтвортой, хөрөнгө
оруулалтад таатай, шударга орчин бүрдсэнийг харж шийдвэр гаргадаг.
Тиймээс Монгол Улс эдийн засгийн бодлого, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх
шаардлагатайг тодотгож байлаа.
Мөн тэрбээр, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ярьж байгаа нь энэ чиглэлд хийж буй нэг алхам юм. Олон улсын судлаачид, хөрөнгө оруулагчид ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог бууруулах, хувийн хэвшилд учруулж буй дарамт, хүнд суртлыг багасгах шаардлагатайг онцолдог. Иймээс бизнесийн орчныг сайжруулж, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал байна. Үүний зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал зүйл нь тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин юм. Шийдвэр гаргалт удаашрах тусам тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл буурдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, ил тод байдал, шийдвэр гаргах хурдыг сайжруулах шаардлагатай байна. Нөгөө талаас татварын бодлогыг хэлэлцэхдээ улсын төсвийн орлогыг давхар тооцох ёстой. Учир нь төсвийн орлогын гол эх үүсвэр нь татвар байдаг. Хэрэв татварын хэмжээг бууруулах бол үүний үр нөлөөг бодит тооцоо, судалгаанд тулгуурлан тодорхойлох шаардлагатай.
Жишээлбэл, татварын хувь хэмжээг бууруулснаар нэг хүнд ноогдох ачаалал багасах ч татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, эдийн засагт илүү үр ашиг авчрах боломжтой. Мөн өмнө нь татвар төлдөггүй байсан хэсгийг татварын тогтолцоонд хамруулж, шударга байдлыг хангах нь чухал” гэв.
ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга О.Мягмардорж ярихдаа, "Урьдчилсан
тооцооллоор эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар голлон
нөлөөлж байна. Экспортын хувьд оны туршид тодорхой хэлбэлзэлтэй
байв. Оны дунд үед экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан нь нүүрсний үнэ
буурсантай холбоотой. Харин оны төгсгөлд биет хэмжээ сайжирч,
нүүрсний экспортын хэмжээ 90 сая тоннд хүрсэн" хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, нүүрсний экспортын орлого өмнөх оныхоос буурах хандлагатай байсан ч зэс болон алтны экспорт энэ бууралтыг тодорхой хэмжээнд нөхөж чадсан. Учир нь зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр мэдэгдэхүйц өссөн нь экспортын орлогыг дэмжсэн юм.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 50 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Импортын тухайд өнгөрсөн онынхтой харьцуулахад бага зэрэг бууралт ажиглагдаж байгаа.
Үүнд
голлон нөлөөлсөн хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын зориулалттай бараа
бүтээгдэхүүний импорт багассан. Үүнээс харахад 2026 онд импортын буюу дотоодын
эрэлт, эдийн засгийн идэвхжил тодорхой хэмжээнд сулрах магадлалтай гэсэн
хүлээлт бий болж байна” гэв.
Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сард зохион байгуулна. Үүний дараа тавдугаар сард Монгол Улсын ирэх гурван жилийн эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн төлөв, төсөөллийн талаарх танилцуулгыг Улсын Их Хуралд өргөн барих юм.

