МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгээр 91 иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгийг амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.
МИАТ ТӨХК-иас дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгээ хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд буй. Иймд сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд үйлдэгдэж буй.
Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийг уг нислэгийг үйлджээ.
