“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-11 16:55:58

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны 2026 оны хөтөлбөрийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлээд байна.


Энэхүү цогц үйл ажиллагааны хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.


УИХ-ын гишүүнийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг оюутнуудад олгодгоороо ач холбогдолтойг “Нээлттэй парламент-2026” оюутан дадлагажуулах хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Н.Учрал онцолсон юм. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт УИХ-ын 10 гаруй гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийлснийг тэрбээр мэдээллээ.


УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ иргэд, бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж буй төрийн хүнд суртал, илүүдэл зохицуулалтыг багасгах “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, төр дарамт биш, боломж олгодог байх ёстойг онцлов. Түүнчлэн өөрсдөдөө болон эргэн тойрны ах эгч, аав ээжийнхээ өдөр тутмын амьдралд тулгарч байгаа аливаа саад бэрхшээлийг хууль, эрх зүйн түвшинд олж харж, түүнийг УИХ-ын гишүүдэд танилцуулж, алдаа саадыг залруулах талаар бодитой үр дүн гаргаж ажиллахыг оюутанд залууст захив.


Хөтөлбөрийн удирдамж, төлөвлөгөө болон хамрагдах хүсэлтээ ирүүлсэн 1037 оюутнаас сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, тэдний хэд нь орон нутгаас, хэд нь нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон зэрэг статистик мэдээллийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Төрийн ордонд дадлага хийснээр оюутнууд мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлж, туршлага олж аваад зогсохгүй иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжилд идэвхтэй оролцох сэдэл, эхлэл болно гэдгийг тэрбээр хэллээ.


Түүнчлэн залуусын дуу хоолойг парламентад хүргэх, анги, сургууль, найз нөхөд, гэр бүлдээ нөлөөлж, төр, иргэний харилцаа, итгэлцэл ойлголцлын гүүр болж, иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг сануулав. Мөн оюутан залууст зөвлөж ажиллах гишүүдийг төлөөлөн хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, А.Ундраа нар оролцож, үг захиасаа хэлж, амжилт хүслээ.


УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нээлттэй парламент” цогц хөтөлбөрийг 2021 оноос удирдан хэрэгжүүлж буй хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан дадлагажих хөтөлбөрт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Онолт уншиж танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж өргөжсөн нь ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах зорилготойг онцолж, Монголын парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа олон талын саналыг тусгаж, үр дүнтэй хэлэлцүүлэхэд чиглэсэн бүтээлч арга хэмжээ авч ажиллаж байгааг дурджээ.


Мөн тэрбээр хөтөлбөрт оролцох оюутнууд УИХ-ын хууль тогтоох, бодлого боловсруулах үйл явцыг ойлгож, судалгаа шинжилгээний арга барил эзэмших боломжтойг тэмдэглэн, Монгол Улсын ирээдүйг тодорхойлох шинэ залуу үеийн төлөөлөл болсон та бүхэн хөтөлбөрийн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаа үеийн нөхөдтэйгөө хуваалцаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье гэжээ.


Хөтөлбөрт 2.8-аас доошгүй голч дүнтэй, сүүлийн хоёр улиралд 24-өөс дээш кредит цуглуулсан 100 оюутан хамрагдаж буй бөгөөд дадлагын хугацаанд тэд цалинтай ажиллах юм. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан Б.Батхангай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэнгуа нар сэтгэгдлээ хэлж, талархал дэвшүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

相关新闻