Т.Дуламсүрэн: Олон цагаар хоосон байх нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос тэмдэглэж, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмийг зөв зохистой хэрэглэхийг уриалсан үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү өдрийг тохиолуулан Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Асгатын дов” уламжлалт
эмнэлгийн их эмч Т.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Өнөөдөр дэлхийн бөөрөө хамгаалах өдөр тохиож байна. Ер нь уламжлалт анагаах ухаанд бөөрийг хэрхэн тайлбарласан байдаг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд бөөрийг долоон тамирын охь, шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн гэж үздэг. Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг бөгөөд бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай. Зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг уламжлалт ойлголтын дагуу бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд байрладаг боловч усан махбодтой эрхтэн тул ихэвчлэн хий, бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх магадлал илүү байдаг.
-Бөөр
бусад эрхтэнтэй хэрхэн холбогддог талаар тайлбарлана уу?
-Бөөр муудвал элэгний гал ихэсч, өвчлөх магадлалтай. Мөн бөөрний өвчнөөс шалтгаалан ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан хаван үүсдэг. Түүнчлэн биеийн долоон тунгалгын охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг нөхдөг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчнөөс үүдэлтэй байдаг.
Мөн давсгийг бөөрний дагуул сав эрхтэн гэж үздэг тул бөөр өвдөхөд давсаг ч дагаад өвддөг. Түүнчлэн бөөр нүдтэй нягт холбоотой. Тухайлбал, бөөрний архаг хүйтэн үед чих шуугих, сонсгол муудах, бадган хавсарсан тохиолдолд чихний дэлбээ цахлайтаж хогжруутдаг. Нүдэнд ус гүйлэгнэж, дээд доод зовхи цэлхийн, нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болох мэт шинж тэмдгүүд илэрдэг.
-Уламжлалт эмнэлгийн зүгээс бөөрний өвчтэй хүмүүст хийдэг эмчилгээний талаар тодруулж өгнө үү?
-Уламжлалт анагаах ухааны онолоор бөөрний өвчнийг голчлон хүйтнээс үүдэлтэй гэж үзэж, дулаан эмчилгээг хэрэглэдэг. Эмчилгээний гол зарчим нь идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн дөрвөн арга дээр үндэслэн хийдэг.
-Бөөр нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг учир нийтээр анхаарах ёстой зүйлс, зайлсхийх үйлдлийн талаар зөвлөнө үү?
-Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах,
сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү
сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй.
Хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээгээр идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцсан, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Мөн аль болох даарахгүй дулаан хувцаслаж, хөлөрсөн, чийгтсэн хувцсыг даруй сольж хэвших нь зүйтэй.
Мөн амьдарч буй орчин, гэр орон дулаан байх шаардлагатай. Нуруу, бүсэлхийг дулаан байлгах бүс зүүж хэвших хэрэгтэй. Чийгтэй, нойтон, хүйтэн, ус ихтэй газарт удаан суух, ажиллах хэрэггүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт, чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдахаас зайлсхийх шаардлагатай.
Мөн усыг хэт их уухгүй, тохирсон хэмжээгээр ууж хэвших хэрэгтэй.
Өдөрт чихэрлэг ундааг хэтрүүлэн уусан хүний шээсэн дэх уураг хэвийн хэмжээнээс ихэсдэг. Энэ нь шээсээр уураг алдагдах нөхцөлийг бүрдүүлж, бөөрний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Хүмүүс заримдаа шээсээ удаан барих тохиолдол гардаг. Энэ нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна бөөрний чулуу үүсэх нөхцөлийг бий болгодог. Мөн зарим эмэгтэйчүүд жингээ хасахын тулд огцом хүнд хоолны дэглэм барьдаг ба олон цагаар хоосон байх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
-Ярилцсанд баярлалаа.