СЭЛЭНГЭ: Хамгаалалтын ойн зурвас байгуулах төслийн бэлтгэл ажлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-13 14:46:57

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тариалангийн талбайг салхи, хөрсний элэгдлээс хамгаалах, ургацын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой хамгаалалтын ойн зурвас байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалтыг энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.


Уулзалтад Хөдөө аж ахуйн корпорац, аймгийн Байгаль орчны газрын албан тушаалтнууд, мөн тариалан эрхэлдэг сумдын Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах байршлыг тодорхойлох, мод бут сөөг тарих боломжтой талбайн судалгааг хийх, нутгийн хөрс, уур амьсгалд тохирсон мод, сөөгний төрөл зүйлийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Мөн хамгаалалтын ойн зурвасыг байгуулахдаа салхины зонхилох чиглэл, тариалангийн талбайн зохион байгуулалт, усалгааны нөхцөл зэрэг хүчин зүйлсийг харгалзан төлөвлөх шаардлагатайг онцолсон.


Хамгаалалтын ойн зурвас нь салхины хурдыг бууруулж, хөрсний үржил шимт давхаргыг элэгдэж алдагдахаас хамгаалах, хөрсний чийгийг хадгалах, цасыг тогтоон барих зэрэг олон давуу талтай. Үүний үр дүнд тариалангийн ургамлын ургалт сайжирч, ургацын тогтвортой байдал нэмэгдэх ач холбогдолтой юм.


Иймд цаашид сумдын түвшинд тариалангийн талбайн судалгааг нарийвчлан гаргаж, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр ажиллахаар талууд санал нэгдлээ.


Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутгийн нэг бөгөөд их хэмжээний үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамал тариалдаг. Иймээс тариалангийн талбайг байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор хамгаалалтын ойн зурвас байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм.

 

相关新闻