Боловсролын салбарын 2026 оны зорилт, үр дүнг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэхүү зөвлөгөөнөөр “Боловсролыг дэмжих жил-2026”-гийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, 2026 онд салбарын хэмжээнд хүрэх үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, орон нутагт тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг хэлэлцэв.
Зөвлөгөөний эхэнд Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарын бодлого, “Боловсролыг дэмжих жил”-ийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, салбарын шинэчлэлийн чиглэлийг танилцууллаа. Мөн Боловсролын дэд сайд Д.Гантулга “Багшлахаас суралцахуйд шилжих боловсролын парадигмийн шилжилт” илтгэл тавьсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Мөн боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, 2026 онд хүрэх үр дүн, дээд болон мэргэжлийн боловсролын бодлого, хэрэгжилтийн үйл ажиллагаа, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлого, зохицуулалт, 2026 оны батлагдсан төсөв, цаашдын бодлого, анхаарах асуудал, салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг асуудлаар холбогдох газрын дарга нар мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.
Уг зөвлөгөөнөөр боловсролын салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, 2026 онд дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар нэгж бүр анхаарч ажиллахаар болов.
Зөвлөгөөнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, харьяа байгууллагын удирдлага, нэгжийн дарга нар, 21 аймгийн Боловсролын газрын дарга, есөн дүүргийн хэлтсийн дарга нар оролцжээ.

