СҮХБААТАР: Ноолуурын дуудлага худалдааг хойшлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдал болон малчид ноолуураа бэлтгэхтэй холбоотойгоор “Ноолуурын дуудлага худалдаа”-г хойшлуулж, гуравдугаар сарын 29-нд зохион байгуулахаар болжээ.
Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байна. Учир нь малчид дөнгөж ямаагаа самнаж эхэлж буй учир дуудлага худалдаанд оролцох малчид цөөн, авах ноолуурын хэмжээ ч бага байх магадлалтай гэж үзжээ.
Дуудлага худалдааны үеэр малчдын зөвлөгөөн, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ХАА-н салбарын технологийн компаниуд битүү хашаа, тэжээлийн ургамал хураадаг төхөөрөмж, нарны энергиэр худгийн ус татагч, малын чип зэрэг малчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүхий л төрлийн техник, тоног төхөөрөмжийг танилцуулах үзэсгэлэн гаргах юм.