СЭЛЭНГЭ: Сүхбаатар цэргийн хүрээний цуврал тэмцээнд ХЦ-ийн 0101 дүгээр анги тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж, төрийн цэргийн байгууллагын удирдлагууд Партизаны талбайд байрладаг их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Мөн тэмдэглэлт өдрийг угтсан Сүхбаатар
цэргийн хүрээний цуврал тэмцээний шагналыг өнөөдөр гардуулан өглөө.
Тус цуврал тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, хилийн цэргийн 0101 дүгээр анги шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.
Удаах байрт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цэргийн гавьяаны одонт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тус тус шалгарлаа.
Цуврал тэмцээнд буудлага, тактикийн
дасгал, гардан тулаан, саадтай гүйлт зэрэг цэргийн чадвар шалгах төрөл, мөн
волейбол, хөл бөмбөг, шатар, даам зэрэг спортын тэмцээнүүд, оюуны сорилт,
урлаг, соёлын үйл ажиллагаанууд багтсан юм.
Энэхүү тэмцээн нь алба хаагчдын бие
бялдар, сахилга бат, хамтын ажиллагааг сайжруулах, Зэвсэгт хүчний түүх,
уламжлалыг залуу дайчдад таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач
холбогдолтой
