Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол, Куба хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын түвшний оюутан элсүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зарлалаа.
Тус хөтөлбөрөөр ерөнхий анагаах ухааны чиглэлээр бакалаврын сургалтад нийт 4 иргэнийг шалгаруулах бөгөөд нүүр ам судлалын чиглэл хамаарахгүй юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд их сургуулийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж, амьжиргааны зардалд зориулан сар бүр 220 ам.долларыг улирал тутам олгох нөхцөл бүрдэх аж. Харин улс хоорондын нислэгийн зардал болон амралт, бусад хувийн зардлыг оюутан өөрөө хариуцах юм. Мөн үндсэн хичээл эхлэхээс өмнө испани хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдана.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Монгол Улсын иргэн байх, 16-25 насны, бүрэн дунд боловсрол эзэмшсэн эсвэл 12 дугаар ангид суралцаж байх шаардлагатай. Үүнээс гадна эрүүл мэндийн хувьд тасралтгүй суралцах боломжтой, ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу сөрөг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой. Испани хэлний мэдлэгтэй бол давуу талд тооцно.
Бүртгэлийг 2026 оны гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл scholarship.esis.edu.mn цахим хуудсаар хүлээн авах юм. Иргэд цахим өргөдөл, боловсролын гэрчилгээ болон сурлагын дүн, эрүүл мэндийн магадалгаа, хэлний шалгалтын сертификат, 200-300 үгтэй эсээ, иргэний үнэмлэх болон эрүүгийн тодорхойлолт зэрэг баримт бичгийг испани хэлний орчуулгын хамт бүрдүүлж илгээх шаардлагатай.
Албаныхан
бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө материалаа баталгаажуулж илгээх, мөн
системийн ачааллаас сэргийлж эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлээс
хоцорсон иргэдийг нэмж бүртгэхгүй бөгөөд хуурамч материал бүрдүүлсэн тохиолдолд
тэтгэлгийн эрхийг хүчингүй болгохыг Боловсролын яамнаас анхаарууллаа.