СЭЛЭНГЭ: Хиагтыг чөлөөлсөн нь ардын хувьсгалын үйл явцыг эрчимжүүлсэн түүхэн ялалт байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод 105 жилийн өмнөх энэ өдөр болсон түүхэн үйл явдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, шинэ төрийн эхлэлтэй салшгүй холбоотой гэж үздэг. Тиймээс Монголын орчин үеийн түүхэнд гуравдугаар сарын 18-ны өдөр нь онцгой ач холбогдолтой юм.
Тодруулбал, 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Ардын журамт цэрэг болон хувьсгалчдын хүчин Хиагт буюу өнөөгийн Алтанбулаг хотыг чөлөөлж, гадаадын цэргийн хүчнийг хөөн гаргасан түүхэн ялалтыг байгуулжээ.
Энэхүү тулалдаан нь Монгол ардын хувьсгалт цэргийн анхны томоохон ялалт бөгөөд Монголын шинэ цагийн түүхийн эхлэл болсон чухал үйл явдалд тооцогддог.
Тухайн үед Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан хувьсгалчид хойд хилийн бүс нутагт нэгдэн зохион байгуулалттайгаар тэмцэл өрнүүлж, улмаар Алтанбулагийг чөлөөлсөн нь улс төр, цэргийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Энэ ялалт нь цаашдын хувьсгалын үйл явдлыг эрчимжүүлж, Монгол Улсад шинэ төр байгуулах үндэс суурийг тавьжээ.
Иймээс 1921 оны 3 дугаар сарын 18-ныг Монголын зэвсэгт хүчний түүхэнд онцгой өдөр хэмээн үздэг бөгөөд энэ өдрийг хожим Монгол Улсад “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Энэхүү түүхэн ялалтын өлгий нутаг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хот байснаараа тус аймаг Монголын хувьсгал, тусгаар тогтнолын түүхэнд чухал байр суурь эзэлдэг.
Өдгөө Сэлэнгэ аймаг, тэр дундаа Алтанбулаг хотод Монголын Ардын хувьсгалын түүхтэй холбоотой дурсгалт газрууд хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан эх орончдын гавьяаг хойч үедээ сануулж, түүхийн үнэ цэнийг илэрхийлж байна.