Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-19 08:55:51

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.


Тус хөтөлбөрийг Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр дэлхийн 180 гаруй орны 300 орчим иргэнд тэтгэлэг олгодог байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой. Мөн инженерчлэл, мэдээллийн технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг 21 чиглэлээс сонгон суралцах юм.


Тэтгэлгийн давуу тал:

  • Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө
  • Сар бүр амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно
  • Ирж, буцах олон улсын нислэгийн тийзний зардлыг хариуцна
  • Визийн хураамжаас чөлөөлнө

Тавих шаардлага:

  • 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • Сонгосон түвшний өмнөх боловсролын гэрчилгээ, дипломтой байх
  • Бакалавр, магистрт 35 хүртэлх, докторт 40 хүртэлх насны  иргэн байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын амжилт сайн байх

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд материалыг 2026 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар бүртгэнэ. Цахим өргөдөл гаргасны дараа сонгон шалгаруулалт, ярилцлага, үнэлгээтэй холбоотой мэдээллийг ЭСЯ-наас авна. Мөн материал хүлээн авах хугацааг энэтхэгийн цагаар тооцох тул хугацааг зөв тооцоолох шаардлагатай аж. 

相关新闻