Г.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БХЯ, ШУА, Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран энэ сарын 22-нд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус үеэр үг хэлэхдээ, “Өнөөдрөөс 45 жилийн өмнө Монгол Улсын иргэн “Союз-39” хөлгөөр эх дэлхийгээсээ хөөрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Ингэснээр Монгол Улс өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн хоёр дахь улс болсон юм.
Монгол Улс 1981 оны түүхэн суурин дээрээ тулгуурлан 45
жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж
ирлээ. Манай улс 1970-аад оны сүүлчээс “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн оролцож,
улмаар 1979 онд “Интерспутник” байгууллагын гишүүн болж, 2008 оноос Ази-Номхон
далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага “APSCO”-д нэгдсэнээр олон улсын
хамтын ажиллагааны хүрээг шат дараатайгаар өргөжүүлсэн юм” гэлээ.
Монголын эрдэмтэд сансрын физик, анагаах ухаан, зайнаас тандан судлал зэрэг чиглэлээр судалгаа, туршилтын ажлыг хөгжүүлж, хиймэл дагуулын холбоо, сансрын өгөгдлийн хэрэглээг бодит салбаруудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлж ирлээ. Монгол Улс сансрын бодлогыг зөвхөн цаасан дээр байлгаж болохгүй. Бодитой ажилладаг институц, орчин үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологи, өгөгдлийг шийдвэр гаргах түвшинтэй холбосон нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой.
Энэхүү олон улсын хурал, түүний хүрээнд хийгдэж буй хамтын
ажиллагааны хэлэлцээрүүд, судалгаа, сургалт, залуу мэргэжилтнүүдийг дэмжих
хөтөлбөр нь энэ зорилгыг бодит ажил хэрэг болгох чухал алхам болно гэдгийг
Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын Засгийн газар энэ зорилтыг хэрэгжүүлэхийн
төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.
Сансрын технологи бол өнөөдөр алс холын салбар биш, харин
орчин үеийн хөгжлийн салшгүй дэд бүтэц болсон. Хүний нөөц, шинжлэх ухаан,
инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан хөгжлийг
бодитоор урагшлуулах нь бидний тэргүүлэх зорилт гэдгийг тэмдэглэв.
Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмшиж эхэлсэн түүхэн амжилт болон Монгол Улсын сансар судлалын салбарын бахархалт түүхийг мөнхжүүлэх зорилготой “Сансарт хүн анх ниссэний 65 жил, Монгол хүн сансарт ниссэний 45 жил” сэдэвт маркийн нээлт боллоо.
Тус хуралд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцов.


