Азербайжаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухаан, боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын иргэдийг тус улсын дээд боловсролын байгууллагуудад суралцуулах “Гейдар Алиев”-ын нэрэмжит олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр дэлхийн улс орнуудаас нийт 100 оюутныг сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшинд болон хэлний бэлтгэл хөтөлбөрт хамруулдаг. Суралцах хугацаа нь хэлний бэлтгэлд 6 сараас 1 жил, бакалаврт 4-6 жил, магистрт 1.5-2 жил, докторт 3 жил суралцах боломжтой.
Тэтгэлгийн давуу тал
Шалгаруулалтад
тэнцсэн суралцагчдад дараах зардлыг олгоно. Үүнд:
- Сургалтын төлбөр болон хэлний бэлтгэлийн төлбөр
- Жилд нэг удаагийн олон улсын ирж, буцах нислэгийн тийз
- Сар бүр 800 AZN /ойролцоогоор 470 ам.доллар/-ийн
амьжиргааны тэтгэмжийг 10 сарын хугацаанд олгох
- Жилд нэг удаа 200 AZN /ойролцоогоор 117 ам.доллар/-ийн
эрүүл мэндийн даатгал
- Виз болон бүртгэлийн хураамж
Тавих шаардлага
Хөтөлбөрт Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой бөгөөд насны
дээд хязгаар нь:
- Бакалавр: 35-аас доош
- Магистр: 40-өөс доош
- Доктор: 45-аас доош /2026 оны 9 дүгээр сарын 15-ны
байдлаар/
Мөн өмнөх боловсролын голч дүн 100 онооны системээр 70-аас дээш байх шаардлагатай. Англи хэлээр суралцах бол бакалаврт IELTS 5.0 /TOEFL iBT 40/, магистр болон докторт IELTS 5.5 /TOEFL iBT 50/-аас дээш оноотой байх ёстой. Харин орос, турк, азербайжан хэлээр суралцах бол тухайн хэлний мэдлэгийг баталгаажуулах баримт шаардлагатай.
Бүртгэл, хугацаа
Тэтгэлгийн
бүртгэл хоёр үе шаттай явагдана.
- Нэгдүгээр шатанд хүсэлт гаргагчид
2026 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл scholarship.esis.edu.mn цахим хуудсаар материалаа илгээнэ.
- Хоёрдугаар шатанд шаардлага
хангасан иргэд 2026 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-нд Азербайжаны төвлөрсөн элсэлтийн
систем /SIACAS/-д бүртгэлээ баталгаажуулна.
Бүрдүүлэх материал
Бакалаврын
түвшинд бүртгүүлэх иргэд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбар, хэлний
шалгалтын оноо, эрүүл мэндийн магадалгаа, паспортын хуулбар, 200-300 үгтэй эсээ зэрэг баримт бичгийг
бүрдүүлнэ.
Харин магистр, докторын түвшинд бүртгүүлэгчид диплом, CV, 250-350 үгтэй судалгааны чиглэлийн эсээ, эрдэм шинжилгээний бүтээл болон бусад холбогдох материалыг ирүүлэх шаардлагатай.
Анхаарах зүйлс
Хүсэлт гаргагч
нь Азербайжаны их, дээд сургуулиудаас гурав хүртэлх мэргэжил сонгох боломжтой. Эцсийн шийдвэрийг тус улсын Сонгон шалгаруулах хороо гаргана. Бүртгэлийн
хугацаа дуусахаас өмнө материалаа илгээж баталгаажуулах, үнэн зөв мэдээлэл
оруулах шаардлагатай. Хуурамч баримт бичиг илэрсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг
шууд хасах аж. Иймд сонирхсон иргэд хугацаандаа амжиж бүртгүүлж, шаардлагатай
материалаа бүрэн бүрдүүлэхийг холбогдох байгууллагууд зөвлөж байна.
