СҮХБААТАР: Монгол бичгийн улсын олимпиадын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол бичгийн улсын ХХ олимпиадын хоёрдугаар шат энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж, өнөөдөр шилдгүүдийг тодруулан шагнал гардууллаа.
Энэхүү олимпиадыг 12 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн багш нар, наймдугаар ангийн хичээнгүй бичгийн анги хамт олон, аравдугаар ангийн хурдан уншлагын анги хамт олон гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан юм.
Улмаар мэргэжлийн багшийн төрөлд нийт 16 сургуулийн 22 багш, 12 дугаар ангийн төрөлд 11 сургуулийн 28 сурагч, анги хамт олны төрөлд 8-р ангийн 419, 10-р ангийн 298 сурагч, нийт 745 сурагч оролцож, маш өргөн цар хүрээтэй уралдаан болсныг аймгийн Боловсролын газраас онцлов.
Уралдааны шилдгүүдийг танилцуулбал, 12-р ангийн төрөлд Онгон сумын 12а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, бэлтгэсэн багш Д.Сэргэлэн, наймдугаар ангийн хичээнгүй бичгийн анги хамт олны төрөлд С.Уранчимэг багштай Баруун-Урт сумын 1-р сургуулийн 8в ангийн хамт олон, бэлтгэсэн багш Э.Буянхишиг, 10 дугаар ангийн хурдан уншлагын төрөлд Э.Буянхишиг багштай Баруун-Урт сумын 1-р сургуулийн 10д ангийн хамт олон, бэлтгэсэн багш Э.Буянхишиг, мэргэжлийн багшийн төрөлд Баруун-Урт сумын 1-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Буянхишиг нар тэргүүлжээ.
