Гадаад харилцааны яамны төлөөлөл Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суухаар томилогдсон Элчин сайд нар болон яамны холбогдох газар, нэгжийн төлөөлөл орсон бүрэлдэхүүн энэ сарын 21-23-нд Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллалаа.
Томилолтын хугацаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга
Б.Азжаргал, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Булган аймгийн Засаг даргын
орлогч О.Ундрах нартай уулзаж, аймаг, орон нутагт гадаад хамтын ажиллагааны
чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд ГХЯ-наас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж, гарцын талаар нээлттэй санал
солилцов. Мөн Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв,
Дархан-Уул аймгийн цэвэр усны байгууламж, “Эрдэнэт” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай
нь танилцлаа.
Түүнчлэн орон нутгийн ЗДТГ, агентлагуудын удирдлагуудад гадаад бодлогын нэгдмэл байдал, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудал, дипломат ёслолын талаар сургалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Орхон аймагт ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ГХЯ-ны төлөөллийг тусгайлан хүлээн авч, үйлдвэрийн хүчин чадал, эдийн засгийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үйлдвэртэйгээ танилцуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.
