“Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төв”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-24 16:33:12

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төв”-ийн нээлт ШУТИС-д өнөөдөр боллоо.


Нээлтийн үеэр Боловсролын дэд сайд Д.Гантулга ярихдаа, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжилд зөв хооллолт, шим тэжээлийн боловсрол чухал ач холбогдолтойг онцолж, уг төв нь салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, арга зүйн ажлыг хөгжүүлэх суурь бүтэц болно гэдгийг тэмдэглэв.


Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм. Тус төв хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн чиглэлээр сургалт, судалгаа, арга зүйн үйл ажиллагааг төвлөрүүлэн хөгжүүлэх, олон улсын туршлагыг нутагшуулах, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэн ажиллах юм.


Мөн энэ хүрээнд ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нээлт болж, сургуулийн орчинд стандартын шаардлага хангасан, аюулгүй, шим тэжээллэг хоол үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Уг сургууль 4500 гаруй суралцагчтай, ачаалал ихтэй сургуулийн нэг бөгөөд 2000 орчим хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.


Шинээр ашиглалтад орж буй тус төв стандартын шаардлага хангасан орчинд суралцагчдад шим тэжээллэг хоол хүргэх, зөв хооллох дадал, соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.


Эдгээр ажлыг Боловсролын яам, КОЙКА олон улсын байгууллага, ВИТ төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй. Нийслэлийн найман дүүргийн 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлын нэг хэсэг юм. Ийнхүү хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт, системийн шинэчлэлийг хослуулсан үйл ажиллагаа нь суралцагчдын эрүүл мэндийг дэмжих, боловсролын орчны чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа аж.


Нээлтэд Боловсролын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, КОЙКА олон улсын байгууллага, ВИТ төрийн бус байгууллага болон холбогдох байгууллага оролцсон юм.



相关新闻