СҮХБААТАР: Дахин давтагдашгүй хийцтэй хэт хутга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-03-24 18:42:26

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/Дарьгангын нэрт дархчуудын томоохон төлөөлөгчдийн нэг Ж.Сэнгэдоогийн урласан хэт хутга аймгийн Угсаатны зүйн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. 


Энэхүү хэт хутганы онцлог нь хуйны нэг талд 12 жилийг, нөгөө талд найман тахилыг мөнгөөр урлан, алтаар шарсанд оршино. Хуйны дээд хэсэгт амаа ангайсан хос лууг хөдөлгөөнтэй байдлаар урлаж, алтадсан. Мөн бэлний хэсэгт томоохон шүрийг шигтгэн урласан нь уг бүтээлийн үнэ цэнийг улам тодотгож байна. Тус бүтээл 1996 онд зохион байгуулсан “Монгол дархан-96” үзэсгэлэнд оролцож "Дахин давтагдашгүй хийцтэй бүтээл"-ээр шалгарч байжээ.

 

Тус дархны бүтээлд 12 жил, дөрвөн хүчтэн, эвтэй дөрвөн амьтан, хос луу болон бусад уламжлалт хээ угалзыг чөлөөтэй зохиомжлон, зузаан мөнгөн дээр нэвт цоолборлон нарийн, тансаг, өвөрмөц хийцийг бүтээжээ. Ийм онцлог хийцийг агуулсан хутга аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

 

Тэрбээр мөнгөн урлалд шүр, сувд, есөн эрдэнийн чулууг өөрийн хийц, арга барилаараа урладгаараа бусад дархчуудаас онцлогтой.

 

Жааханмаамын Сэнгэдоо 1888 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1908 оноос буюу 20 наснаасаа алт, мөнгөний дархны урлалыг хийж эхэлсэн байна.

相关新闻