СҮХБААТАР: Уул уурхайн компаниуд орон нутгийн төсөвт есөн тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 73 ААНБ байгаагаас 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн зүгээс эдгээр компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, жил бүр гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг. 2022 оноос хойш уул уурхайн компаниуд орон нутгийн төсөвт есөн тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай-Орон нутгийн хамтын ажиллагаа” зөвлөгөөн энэ жил Баруун-Урт суманд болж байна. Зөвлөгөөнөөр ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлт, уул уурхайн салбарын бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох арга замыг хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаад төрийн болон ААН-ын төлөөлөл нийт 120 хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр уул уурхайн компаниудтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэн, тухайн жилийн гэрээг шинээр байгуулдаг. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, ААНБ-ууд орон нутгаас худалдан авалт хийх, төвлөрсөн орлогыг зөв зарцуулах зэрэг үр дүнгүүд гардаг. Орон нутгийн төсөвт гэрээний дагуу хөрөнгө төвлөрдөг бөгөөд сүүлийн дөрвөн жилд есөн тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Уул уурхай хөгжсөн бусад улс, аймагтай харьцуулахад бага ч, хөрөнгийг иргэд, олон нийтийн саналд тулгуурлан зөв хуваарилбал үр дүнтэй байж болохыг харуулж байна.
Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг томоохон объектуудаас гадна цэцэрлэгт хүрээлэн шинээр ашиглалтад оруулсан нь хамтын ажиллагааны үр дүн. Мэдээж ААНБ бүр харилцан адилгүй. Тиймээс цаашид гэрээний үүргээ биелүүлдэггүй ААНБ-д ямар арга хэмжээ авах талаар илүү тодорхой болгож байгаа нь энэ удаагийн гол онцлог гэдгийг аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа ярилаа.
Сүхбаатар аймаг цаашид боловсруулах болон баяжуулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа дэмжинэ.
Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, Монгол Улсын МЕГА төслүүдийн нэг нь манай аймагт хэрэгжихэд бэлэн болсон. Оюу толгой, Эрдэнэт зэрэг үйлдвэрээс хэд дахин том гэж хэлж болохуйц хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийг Эрдэнэцагаан сумын нутагт байгуулна. Ажил эхлэх ТЭЗҮ нь 10 тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээний хөрөнгө оруулалттай, нийт 7000 гаруй ажилтантай том үйлдвэр бий болно. Мөн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт гарна. Иймд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг томоохон төсөлд бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.

2025 оны
хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ "Цайрт минерал", "Хунт өгөөж" компаниуд хангалттай биелүүлжээ. Харин бусад ААНБ-уудын тухайд харилцан адилгүй байгаа юм. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Хэрэв гэрээгээ үл биелүүлбэл хойшид гэрээ байгуулахгүйгээс гадна үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээг авах юм байна.