Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр УИХ-ын 2024
оны ээлжит сонгуулийн дүнгээр олонхын суудал авсан МАН-аас Н.Учралыг Монгол Улсын
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-нд
ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг сонсголоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм
шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага,
гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд
төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа Ерөнхийлөгч
тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж буй дээрх саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ үүрэгт ажлаа хүлээж авсны дараагаар анхаарах асуудлаар захиа даалгавар хэлэв.

Тус хуралдааны явцад УИХ дахь АН-ын бүлгийн дарга
О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж нэг хоногийн завсарлага хүссэн
ч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажилд оруулах,
төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах шаардлагатайг харгалзан нэг
цагийн завсарлага өгсөн юм.
Завсарлагын хугацаа дууссаны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж, улмаар санал хураалт явуулж, олонхын саналаар Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Ерөнхий сайд Н.Учралын товч намтар
2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд “Их засаг” их
сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их
сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистр, 2013 онд ОХУ-ын
ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын институтэд түүхийн
ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан.
- 2010-2016 онд “Рояал академи”, “Рояал” олон улсын дээд
сургуулийн ерөнхий захирал,
- 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн
дарга,
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим
бодлогын байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим
хөгжил, харилцаа холбооны сайд,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол
Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн
засаг, хөгжлийн сайд,
- 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга,
- 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байна.
