Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-31 17:14:23

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Эрчим хүч-4 төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 59.1 хувийн саналаар дэмжсэнээр санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Төслийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг Хангайн бүсийн 50 мянга гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр найдвартай хангах юм.


Мөн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэн дэмжиж санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Монгол Улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог. Сүүлийн жилүүдэд хэрэглээ тогтмол өсөж, 2022 онд 38.4 мянган тонн байсан бол 2025 онд 84.3 мянган тоннд хүрч хоёр дахин нэмэгджээ. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзэл, ОХУ экспортын хязгаарлалт тогтоох, татвар нэмэгдүүлэх эрсдэлтэй тул дээрх хэлэлцээрийг хийж байгаа аж. 


 

相关新闻