ИТХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-01 14:50:14

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ИТХ-ын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо.

 

Мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хийлээ. Аймаг, нийслэлийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж хуульчилсны дагуу уг хороо энэ оны зургаадугаар сарын 21-нд нөхөн сонгуулийг явуулахаар тогтжээ.

 

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан ба нийт 16 аймгийн 43 сумын 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлоод буй. Үүнээс 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт аймгийн ИТХ-ын 9 мандатад, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын ИТХ-ын 39 мандатад нөхөн сонгууль явуулах юм.

 

Нөхөн сонгууль явуулах болсон нөхцөл байдлыг авч үзвэл, нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон 3, өөр шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.

 

Нөхөн сонгууль явуулахтай холбоотой тодорхой хэмжээний зардал дутагдаж байгаагаас бусдаар нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ ханган ажиллаж байгаагаа энэ үеэр мэдээллээ.

 

相关新闻