Аймгийн орон нутгийн хөгжлийн санд 1.4 тэрбум төгрөг хуваарилагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-29 17:59:14

Дундговьд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс авч дууссан байна. Хамгийн олон санал авснаар ажлыг эрэмбэлээд байгаа бөгөөд ирэх бямба гарагт хуралдах ИТХ- ын 3- р хуралдаанаар хэлэлцэн батална.

Нийт 2330 гаруй иргэн санал өгсөн байна. Иргэдийн саналыг нэгтгэхэд хамгийн олон буюу 469 саналаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг 4D эхо аппараттай болгох, 422 саналаар сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчныг иж бүрэн камержуулах ажил дээгүүрт эрэмбэлэгджээ.

Мөн Мандалговь хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, орон сууцны гадна фасадыг засах, гэр хороололын хог хаягдлыг зөөвөрлөх автомашин, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, замын дагуу мод тарих зэрэг ажил жагссан байна.

2017 онд Дундговь аймаг Орон нутгийн хөгжлийн сангаасаа 1 тэрбум 440 гаруй сая төгрөг зарцуулна. Үүнээс гадна 15 сумын орон нутгийн хөгжлийн санд нийт 890 гаруй сая төгрөг хуваарилагдах ажээ.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻