Дэлгэрхангай сум оторчдыг хүлээн авахгүйгээ мэдэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт энэ өвөл оторчдыг хүлээн авахгүй байх тухай тус сумын Засаг дарга захирамж гаргасан байна.
Зарим сумын нутагт хонины гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм үргэлжилсээр зун, намрын сарыг авсан. Дэлгэрхангай сумын хувьд хонины цэцэг өвчин гараагүй, тайван бүсэд орж байгаа бөгөөд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин өвчний дэгдэлт үүсэхгүй гэх баталгаа үгүй тул үүнээс болгоомжлон оторчдыг хүлээн авахгүй байхаар ийнхүү шийдвэрлэжээ. Захирамжийг ХХААХҮ-ийн сайд болон аймгийн Засаг даргын албан даалгаврыг үндэслэн гаргасан гэж сумын Засаг дарга О. Батчулуун хэллээ.
Одоогоор тус сумын нутаг дэвсгэрт Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт сумын арав шахам өрхийн 13 мянга орчим мал оторлон ирсэн байна. Өчигдөр сумын Засаг даргын захирамжийг оторчдод танилцуулж, сумын малчидтай зэрэгцэн өвөлжихгүй, тус сумын нутаг дахь Их, Бага Далан хэмээх сум дундын отрын бүс нутаг руу нүүхийг шаарджээ.
Т. Отгонтуяа