Хүүхдийн төв номын сан хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-02 15:07:28

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төв номын сангаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоногийн хүрээнд хоёр үндсэн хөтөлбөрт үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Үүнд “Номын ертөнцийн долоо хоног” танилцах аялал болон “Ирээдүйгээ нээх” сургалт, хөтөлбөр багтаж байгаа юм. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд ном унших соёл, дадлыг төлөвшүүлэх, өөрийгөө бие даан хөгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилготой.


“Ирээдүйгээ нээх” хөтөлбөрийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх онол, мэдлэг олгох сургалтын зэрэгцээ хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Мөн сурагчид өөрсдийн уншсан номоо авчран, бие биедээ талархлын үг, захиа бичиж, ном солилцох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа аж.


Түүнчлэн Монгол, Солонгосын Политехникийн коллежийн багш нар гар урлал, оёдол, ноос ноолуур, арьс ширийн чиглэлээр онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж, сурагчдад бодит дадлага олгож байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажээ.


Мөн сурагчид соёлын өвийн үзэсгэлэн үзэж, Хүүхдийн төв номын сангийн таван танхимын үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн номын худалдааг зохион байгуулж байна. Бие даалтын долоо хоногийн хүрээнд сурагчид номын сангийн үнэмлэх нээлгэж, бүтэн жилийн турш үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд номын сан нь долоо хоногийн долоон өдөр ажиллаж, нэг удаад дөрвөн номыг 14 хоногийн хугацаатай гэрээр авах боломжтой байдаг ажээ.


Хүүхдийн төв номын сан уншлагын танхимын үйлчилгээнээс гадна соёл, олон нийтийн үйл ажиллагаа, өдөрлөг, уралдаан тэмцээн, төрөл бүрийн хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж байна.







相关新闻