Эцэг эхчүүд өөрсдөө ном уншиж хүүхдэдээ үлгэрлэхийг зохиолчид зөвлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан хүүхдийн номын худалдааг Хүүхдийн төв номын санд өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр зохиолчид өөрсдийн бүтээлээ танилцуулсан юм.
Энэ үеэр Хүүхдийн номын зохиолч Н.Уламбаяр ярихдаа, “Сүүлийн үед хүүхдүүд сошиал болон олон төрлийн сувгаар мэдээлэл
авч, номоос тодорхой хэмжээнд холдох хандлагатай байна. Гэсэн ч ном сонирхдог
хүүхдүүд байсаар байгаа. Ном уншихын ач холбогдол нь хүүхдийн төсөөлөн бодох,
ургуулан сэтгэх чадварыг хөгжүүлдэг хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Бэлэн мэдээллийг шууд хүлээн авахтай харьцуулахад номын нэг өгүүлбэрийг унших үед хүүхэд тухайн дүрслэл, үйл явдлыг оюун санаандаа бүтээн төсөөлдөг. Энэ нь тархи, оюуны хөгжлийг дэмждэг. Насны онцлогоос шалтгаалан бага насны хүүхдүүд зурагт ном сонирхох нь түгээмэл бол ахлах ангийн сурагчид танин мэдэхүй, түүхийн чиглэлийн номыг сонирхож байна. Би түүх сонирхдог учраас хүүхдүүдтэйгээ хамт түүхийн ном уншиж, ярилцах дуртай. Энэ нь хүүхдүүдэд ч их сонирхолтой байдаг. Мөн эцэг эхийн үлгэр дуурайлал маш чухал. Гэртээ ном дэлгэж, хааяа уншиж суухад хүүхэд дагаж сонирхдог. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ном унших цаг гаргах хэрэгтэй" гэв.
Түүний бичсэн “Бүжигчин охин” ном охидод өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Бүжиглэх дуртай ч тайзан дээр гарахаас ичдэг хүүхдүүдэд зориулан, өөртөө итгэлтэй болохын ач холбогдлыг ойлгуулахыг зорьсон байна. Мөн “Шидэт тэшүүр” үлгэрт нэгэн хүүхэд тэшүүргүйгээс гуниглаж байхад аянчин хүн хуучин тэшүүрээ бэлэглэдэг тухай өгүүлдэг. Энэ нь жижигхэн тус ч хүний амьдралд ямар их урам зориг, итгэл найдвар өгдгийг харуулахыг зорьжээ.
Хүүхдийн номын зохиолч Ц.Энхтүвшин ярихдаа, “Би бичгийн ажлыг бараг 50 жил хийж байна. Анхны номоо хэвлүүлснээс хойш 40
гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд нас насны онцлогт тохируулан бүтээлээ
төлөвлөж, туурвиж ирсэн. Бага насны хүүхдүүдэд зориулсан
бүтээл бичье гэж зоривол түүнийгээ зорилтот уншигчдаа тодорхойлон төлөвлөж
бичдэг. Миний ихэнх хүүхдийн ном бага болон дунд насныханд зориулсан, цуврал
хэлбэртэй, сонирхолтой өгүүлэмжтэй бүтээлүүд байдаг. Хүүхдүүдэд ном уншуулахад
эцэг эхчүүдийн оролцоо хамгийн чухал. Анх номд дурлуулахдаа богино өгүүлбэртэй,
ойлгомжтой, зурагтай, сонирхол татахуйц номуудаас эхлүүлэх хэрэгтэй. Эхлээд
бага багаар амтлуулж уншуулбал хүүхэд аажмаар сонирхож, өөрөө унших хүсэлтэй
болдог. Өнөө үед хүүхдүүд урт өгүүлбэр, их бичвэртэй ном уншихаас төвөгшөөх нь
нэмэгдсэн мэт санагддаг. Энэ нь орчин үеийн мэдээллийн хурд, цахим хэрэглээтэй
холбоотой байж болох юм. Тиймээс зөв сонголттой, насанд нь тохирсон номоор
эхлүүлэх нь чухал" гэв.
Мөн тэрбээр, эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэн ном унших нь хамгийн үр дүнтэй арга. Гэр бүлийн орчинд ном унших соёл төлөвшсөн үед хүүхэд даган суралцдаг. Уншдаг ээж, аав, эмээ, өвөөтэй хүүхэд номд дуртай болдог хэмээн дурдсан юм.
Түүнчлэн зарим хүүхэд ном сонирхохгүй байх нь бий. Гэхдээ нөгөө талаар номын ертөнцөд татагдан, баяр
хөөртэй орж ирж буй хүүхдүүд ч цөөнгүй байна. Жишээлбэл, номын үзэсгэлэн худалдаанд ирээд баярлан догдолж, сонирхон үзэж, зохиолчдын гарын үсэгтэй ном
худалдан авч буй хүүхдүүдийг харахад үнэхээр урамтай байдгийг зохиолчид онцлов.
