Малчид сумынхаа цэцэрлэгт тоглоом бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-29 22:04:21

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон багийн мянгат малчид сумынхаа цэцэрлэгт тоглоом авч бэлэглэсэн бол малжуулах хөтөлбөрт хамрагдсан иргэд нь цэцэрлэгийн гадна тоглоомын талбай засч өгчээ.

Номгон багт мал сүргээ нэг мянга давуулан өсгөсөн 6 малчин аж төрдөг байна. Тэд 800 гаруй мянган төгрөгөөр сумынхаа цэцэрлэгийн 2 настны бүлэгт 70 гаруй ширхэг тоглоом, ханын шүүгээ,хүүхэд тус бүрт хичээлийн хэрэглэгдэхүүн хийх шургуулга авч бэлэглэсэн байна. Дэлгэрхангайн цэцэрлэг шинэ барилгаа ашиглалтад хүлээн аваад удаагүй бөгөөд малчдын бэлэг шинэхэн цэцэрлэгийн тохижилтод багагүй нэмэр болжээ.  

Тус сум малжуулах төслийг орон нутгийн сангийн хөрөнгөөрөө хэрэгжүүлдэг. Энэ төсөлд хамрагдсан арав гаруй малчин Номгон багт бий бөгөөд тэд машины хаймар дугуйнууд ашиглан цэцэрлэгийн гадна тоглоом урлаж өгсөн байна.

Хүүхдүүдийнхээ тав тухыг хангахад хувь нэмэр оруулах санаачлагыг багийн Засаг дарга Ц. Даваа гаргаж, түүнийг малчид дэмжин ийнхүү идэвхийлэн оролцжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻