Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-03 09:36:12

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Словак Улсын Боловсрол, судалгаа, хөгжил, залуучуудын яамнаас Монгол Улсын иргэдэд зориулсан 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.


Энэхүү тэтгэлэг нь хоёр орны боловсролын болон соёлын харилцааг бэхжүүлэх, оюутнуудаа харилцан дэмжих зорилготой юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бакалавр болон магистрын түвшинд хоёр оюутан шалгаруулна. Багш, боловсролын шинжлэх ухаан, эдийн засаг ба менежмент, экологи, биотехнологи, хөдөө аж ахуй, ойн менежмент, малын эмч, анагаах ухаан, шүдний эмч, эм зүй, нийтийн эрүүл мэнд, сувилахуй, инженерчлэл /механик, иргэний, компьютер, цахилгаан, хими/, хүнс судлал, тээвэр, ашигт малтмалын боловсруулалт, архитектур, хот төлөвлөлт зэрэг салбар багтжээ.


Шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад сар бүр 700 еврогийн тэтгэлэг олгохоос гадна улсын их сургуулийн нэмэлт 80 еврогийн тэтгэмж авах боломжтой. Мөн сургалтын эхэнд нэг удаа 100 евро, төгсөхөд 200 еврогийн дэмжлэг үзүүлнэ. Суралцах хугацаанд дүнгийн голч 1.3-аас дээш байвал сар бүр 50 еврогийн урамшуулал авах нөхцөлтэй байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэн Монгол Улсын харьяат байх, сурлагын амжилт сайтай, тасралтгүй суралцах боломжтой, Словак Улсад суралцах хугацаандаа гэрээний үүргийг биелүүлэх чадвартай байх шаардлагатай.


Бүртгэлийг 2026 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авах бөгөөд www.vladnestipendia.sk/en цахим хуудсаар дамжуулан материалаа илгээнэ. Цаасан болон цахимаар бүртгэгдээгүй материалыг хүлээн авахгүй. Өргөдөл гаргагчид цахим анкет, диплом болон дүнгийн жагсаалтын хуулбар /шаардлагатай тохиолдолд албан ёсны орчуулгатай, нотариатаар баталгаажуулсан/, бусад шаардлагатай баримт бичгийг PDF хэлбэрээр бүрдүүлэх шаардлагатай юм. 


Харин суралцагчид эрүүл мэндийн үзлэг /120-180 евро/, элсэлтийн ярилцлагын хураамж /20-100 евро/, дипломын орчуулгын зардал зэрэг зарим төлбөрийг өөрсдөө хариуцах юм. Оюутны дотуур байр сарын 115-140 евро, хоолны зардал дунджаар 510-600 евро орчим байхаар тооцоолжээ.


Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Словакын Боловсрол, судалгаа, хөгжил, залуучуудын яамны албан ёсны цахим хуудсаас авах боломжтой аж.

相关新闻