Чөлөөт, сонгомол бөхийн ААШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотод чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Тав хоног үргэлжлэх тус тэмцээний салхийг сонгомол барилдааны бөхчүүд хагалах бөгөөд манай улсаас 55 кг-д М.Даваабанди, 95 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөх юм. М.Даваабандийн хувьд эхний тойрогт Йорданы бөх Ахмадтай, Г.Ганхуяг Саудын Арабын Фаллатахтай, Б.Намбардагва Киргизийн бөхтэй барилдахаар сугалаа сугалсан байна.
Тэгвэл чөлөөт бөхийн ААШТ-д оролцох эмэгтэйчүүд өчигдөр сонгомол бөхчүүдийн хамт Бишкекийг зорьсон бөгөөд 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.
Харин эрэгтэйчүүд Бишкекийн зүг энэ сарын 8-нд хүлгийн жолоо зална. 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар хүч үзэхээр “Басу” спорт цогцолборт бэлтгэл сургуулиа базаасан байна.

