Аварга цолын хүндэтгэлийн барилдаанд улсын аварга О.Хангай хоёр дахиа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-27 09:50:32

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны түүхт 101 жилийн ойд зориулсан аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.


2001 оноос эхлэлтэй тус барилдааныг анх Иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жилээс нийслэлийн МАН-аас зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид уламжлал болгоно гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.


Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүллээ.


Тэрбээр аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдаанд 2017 онд аймгийн арслан цолтойдоо анх түрүүлж байсан. Тэгвэл есөн жилийн дараа аварга цолтойдоо дахин түрүүллээ. Аваргын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд 41 дэхээ түрүүлж байгаа нь энэ юм.


Харин Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бөгөөд тэрбээр Бөхийн өргөөнд 23 дахиа үзүүрлэлээ. Зааны хувьд хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сарын 25-нд зохион байгуулсан хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлж байв. Түүнээс хойш Бөхийн өргөөнд түрүүлж чадаагүй байгаа юм.


Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо “Завхан Даян” дэвжээний бөх, начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, М.Баяржавхлан нар үлдэв.


Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн аваргууддаа хүндэтгэл илэрхийлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг түүний үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулжээ. 











相关新闻