Улсын арслан Б.Орхонбаяр нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Увс Нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв. Зохион байгуулагчид “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад Монголын үндэсний бөхийн холбоо болон аваргууд, “Таван-Хан” дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд хүндэтгэл илэрхийлж, энэ үеэр түүний амжилтыг Нутгийн зөвлөлөөс нь “Ланд Круйзер-300” маркийн авто машинаар мялаасан юм.






