Монгол, Казахстаны парламентуудын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай холбогдуулан БНКазУ-ын Парламентын Сенатын гишүүн Дархан Кыдырали 4 дүгээр сарын 7-ны өдөр Сенатын ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Д.Баярхүү БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайдаар томилогдон ажиллах 4 жил гаруйн хугацаанд нягт хамтран ажиллаж, хоёр
орны харилцааны аливаа асуудалд дэмжлэг үзүүлэн, олон жил завсарласан Засгийн
газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг амжилттай зохион байгуулж,
парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талын дэмжлэг
үзүүлэн хамтран ажилласанд БНКазУ-ын Парламентын Сенатын гишүүн Дархан Кыдыралид талархлаа илэрхийлэв.
Сенатын гишүүн Д.Кыдырали Элчин сайд Д.Баярхүүд Элчин сайдаар
ажиллах хугацаандаа түүх, соёлын нийтлэг зүйлс ихтэй хоёр ард түмний харилцааг
улам ойртуулж, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг удаа дараа амжилттай
зохион байгуулан харилцааны түвшинг Стратегийн түншлэлийн өндөр түвшинд
хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаж, парламент хоорондын харилцааг
өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Д.Кыдырали Элчин сайд Д.Баярхүүд БНКазУ-ын
Ерөнхийлөгчийн зарлигаар “Достык-II” одонгоор шагнуулсанд баяр хүргэж, цаашдын
ажил, амьдралд нь улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв гэж Монгол
Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

