Хаваржилтыг хохирол багатай давахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Тухайлбал, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд улсын нөөцөөс нэн шаардлагатай бараа, материал болон аймаг, нийслэл дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн олгох, тэдгээрийг тээвэрлэн хүргэхэд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
Улсын хэмжээнд 2026 он гарсаар нийт 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 63 хүн амиа алдаж, 61 хүн гэмтжээ. Байгаль, цаг уур, улирлын онцлог, шинж чанартай холбоотой хаврын улиралд шар усны үер, ой хээрийн гал түймэр, хүчтэй салхи шуурганд өртөж, иргэд, аж ахуй нэгж байгууллага амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг.
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр агаарын
температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал
ихтэй байх магадлал өндөр байгаа тул ой, хээрийн гал түймэр зэрэг болзошгүй
гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комисс сэрэмжлүүлж
байна.