УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 8-нд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд УИХ-д ажлаа
тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал
хийдлийг арилгах, чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч
ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой
байх ёстой хэмээв.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон
бүтцээ шинэчилж, хоёр нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг таван нэгж болгож
нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80.2 хувь нь аудитын 19.8 хувь
нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж
байгаа юм байна.
Үндэсний аудитын
газар өнгөрсөн онд 42
сэдвийн хүрээнд санал дүгнэлтээ
гаргасан бол энэ онд
төлөвлөгөөт есөн сэдвийн
зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа
талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Төв банкны чиг үүрэг,
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг
асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн
танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн
зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
шаардлагатай талаар дурдав.
Мэдээлэлтэй
танилцсаны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт үг
хэлэхдээ, 2019 оны
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн
байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж,
2020 онд Төрийн аудитын
байгууллагын тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг,
татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхэд онцгой
анхаарал хандуулахаа онцолсон.
Мөн Төрийн
аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа
зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ингээд
төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон
тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар
санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд чиглэл
болгов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
газраас мэдээлэв.