Багш, хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 236 багш, удирдах ажилтан оролцож байна.
Үүнээс сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын 135 төлөөлөгч оролцож, орон нутгаас шалгарсан 60 илтгэлийг хэлэлцүүлэх юм. Хурлын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хэрэгжүүлэх шаардлагатай зургаан үндсэн шинэчлэлийг онцоллоо.
Үүнд, багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, цахим шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, улс төрөөс хараат бус удирдлагын менежмент багтаж байна. Мөн багшийн ачааллыг бууруулах зорилгоор “Багшаа сонсъё” аяныг энэ сараас эхлүүлэхээр болсон талаар мэдэгдэв. Тэрбээр, Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг ойлголтыг эцэг эх, хүүхдүүдийн оролцоотой бодитоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн цэцэрлэгийн сугалааны асуудлыг шийдвэрлэсний дараа хотхон бүрд бага сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн сургуулиудын төлбөрийн өсөлтөд анхаарах, сургалтын чанарт үнэлгээ нэвтрүүлэх талаар дурдлаа.
2026 оны есдүгээр сарын 1-нээс 1 багш 1 AI туслах, 1 хүүхэд 1 AI туслах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Боловсролын яамнаас мэдээлэв.
Мөн сургуулиа дэмждэг эцэг эхчүүдийг орон даяар алдаршуулах санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэхүү хурал нь боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулахад багш, судлаачдын санал, илтгэлийг тусгах зорилготой юм.