Монгол хэл бичгийн улсын 55 дугаар олимпиад эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-10 12:36:48

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  Монгол хэл, бичгийн улсын 55 дахь удаагийн олимпиадыг  МУБИС-д зохион байгуулж байна. 


Тус олимпиад ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн сургалтын чанарыг сайжруулах, багш, сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, монгол хэл соёлоо дээдэлсэн нийгмийн орчныг төлөвшүүлэх зорилготой юм.

Уг олимпиад нь  “мэргэжлийн багш”, “12-р ангийн сурагч”, “анги нийт” гэсэн төрлөөр зохион байгуулдаг байсан бол энэ жил оролцогчдын хүсэлтийг харгалзан “9-р ангийн сурагч” төрлийг шинээр нэмжээ.


9, 12-р ангийн сурагчдын төрлөөр олимпиадыг өнөөдөр зохион байгуулж байна. Олимпиадад нийслэл, орон нутгаас шалгарсан 12 дугаар ангийн 34 сурагч, 9-р ангийн 34 сурагч  оролцох юм.


Олимпиадын анги нийтийн эчнээ ангиллыг 1969 оноос зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ нь сурагчид анги нийтээрээ оролцдог олимпиадын төрөл юм. Тус төрөлд монгол хэл уран зохиолын хичээлээр сурагчид эзэмшсэн мэдлэг, уншиж ойлгох, бичиж найруулах чадвараараа өрсөлддөг. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн түвшний олимпиадад 2276 бүлгийн 49891 сурагч, орон нутгийн түвшний олимпиадад 650 сургуулийн 395 бүлгийн 17447 сурагч хамрагдсан бөгөөд тэдгээрээс шалгарсан 32 бүлгийн 1000 гаруй сурагч тус төрлөөр оролцож байгаа аж.


Олимпиад монгол хэл, уран зохиолын багш нарын ангиллаар  маргааш үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд 3000 гаруй багшаас шалгарсан 32 багш өрсөлдөх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. 

 

相关新闻