СҮХБААТАР: Хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-10 13:40:42

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар 18-20 м/с хүртэл хүчтэй салхилж, зарим газраар шороон шуурга шуурч байна. Иймд болзошгүй эрсдэл болон хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 27 удаагийн хээрийн түймэр гарсан бөгөөд Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат суманд хамгийн олон бүртгэгджээ. Харин он гарснаас хойш хээрийн дөрвөн түймэр гарсан байна.

 

Аймгийн Онцгой байдлын газраас хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлэг, нөлөөллийн ажлыг явуулж, тал хээрийн бүсэд хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Мөн гал түймэр унтраах салбар нэгжгүй сумдад ОБГ-аас тус бүр нэг алба хаагчийг томилж, нэг сарын хугацаатай ажиллуулж эхэлжээ.

 

Иймд хаврын хуурайшилт ихэссэн энэ үед иргэд ил гал асаахгүй, үнс, нурмыг зориулалтын саванд хийж, татсан тамхины ишээ бүрэн унтраах, тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан шар өвсийг байнга цэвэрлэж байхыг ОБГ-аас зөвлөлөө.

 

相关新闻