“365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Үүнтэй холбогдуулан нөлөөллийн аяны зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал өнөөдөр хийв. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “НИТХ-аас өнгөрсөн жил хүүхэд залуучуудад чиглэсэн тодорхой ажлууд хийсэн. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шат дараатай ажлыг бодлогоор дэмжиж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн тул энэ жил дахин холбогдох байгууллагатай хамтарч улсын хэмжээнд нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Өмнөх “365 хоног хайрлая” аяныг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд өдөр бүр үр хүүхдэдээ чанартай цаг гаргах нь эргээд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахад чухал ач холбогдолтой г судалгаагаар харуулсан. Иймд эцэг эх, сургууль, сурагчид, хүүхдийн төлөө байгууллагууд, төрийн байгууллагууд хамтарч ажиллахыг уриалж байна” гэв.
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан “Энэ оны эхний улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Сүүлийн саруудад 16-17 насны хүүхдүүд бие биеэ дээрэлхэх, дарамтлах, эд зүйлийг нь нэхэж айлган сүрдүүлэх, гадуурхах тохиолдол их байна” гэв.
Усын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгджээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхэд үйлдсэн гэмт 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна. Өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг байна. Ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нэгдэж үе тэнгийнхнээ сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой биеэр болон амаар цахим орчинд үйлдэж байгаа юм.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.
Иймд ЦХИХХЯ, НИТХ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай дээрх нөлөөллийн аяныг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
Аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, энэ төрлийн шинжтэй цахим группийг хаах, төлөвшил, ур чадварын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.