СҮХБААТАР: Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахим системд суурилан явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-13 18:35:06

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгжийн тооллогыг таван жил тутамд явуулдаг. Энэ удаагийн ээлжит тооллогыг 2025 оны үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, нэг сарын хугацаанд зохион байгуулна.

 

Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

 Аж ахуйн нэгж, байгууллагын анхны тооллогыг улс орон даяар 1991 онд явуулснаас хойш энэ жил найм дахь удаагийн ээлжит тооллого болж байна.


Энэхүү тооллого нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын ажил, үйлчилгээний чиглэл, байршлыг үнэн зөв тодорхойлох, улмаар тэдгээрийн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодитоор үнэлэхэд чиглэдэг. 


Мөн эдийн засгийн хөгжлийн түвшнийг тодорхойлох, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгуурлан төр, засгийн бодлого, хөтөлбөр боловсруулах, статистикийн мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн мэдээллийн бэлэн байдлыг хангах, цаашид нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм.


Энэ удаагийн тооллого нь аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг төрийн байгууллагуудын мэдээллийн санд бүртгэгдсэн өгөгдөлд тулгуурлан явуулах бөгөөд төрийн их өгөгдлийн санг ашиглан тухайн нэгжүүд нэмэлт мэдээллээ цахим хэлбэрээр оруулж, баталгаажуулах зарчмаар зохион байгуулж буй онцлогтойг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэллээ.


Иймд төрийн энэхүү чухал ажилд бүх шатны төр, захиргааны байгууллага, албан тушаалтнаас эхлээд аж ахуй нэгж байгууллагын удирдлага, албан хаагчдыг тооллогодоо идэвхтэй оролцохыг уриаллаа.

 

相关新闻