Гадаад паспортыг удаан хугацаанд хадгалж буй нь монгол иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж байгаад анхаарахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга Ким Юн Минтэй энэ сарын 14-нд уулзав.
Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн
эрчимтэй нэмэгдэж буйг тэмдэглэж, монгол иргэдэд виз олгох ажиллагаанд үндэсний
гадаад паспортыг удаан хугацаанд хадгалж буй нь зорчих эрхийг хязгаарлаж
байгаад, мөн БНСУ-д оршин сууж буй бүртгэлгүй монгол хүүхдүүдийн боловсрол,
эрүүл мэндийн үйлчилгээ авах хууль, эрх зүйн орчинг бий болгоход анхаарахыг
хүсэв.
Түүнчлэн БНСУ-ын Цагаачлалын албаны түр саатуулах төвд удаан хугацаанд саатуулагдаж буй монгол иргэдийн хүний эрхийн асуудлыг хөндөж, ажиллагааг шуурхай шийдвэрлэж байхад дэмжлэг үзүүлэхийг хүсэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
