Монголын эмэгтэйчүүдийн багийг Моро Бранислав, эрэгтэйчүүдийг Пабло Дель Крекко удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-15 10:45:07

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын Волейболын Холбооны Удирдах зөвлөлөөс эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар серби мэргэжилтэн Моро Браниславыг томилжээ.


16 оронд дасгалжуулагчаар ажилласан тэрбээр хэдхэн хоногийн өмнө манай улсад болсон дасгалжуулагчийн сургалтыг удирдсан юм. Бранислав 16 улсын багт ажиллахдаа ихэвчлэн эмэгтэйчүүдийн багийг удирдаж байжээ. Түүний хувьд Хойд Солонгос, Югослав, Конго, Тайвань, Румын, Серби ба Монтенегрогийн шигшээгээс гадна Филиппин, Саудын Араб, Кувейт, Грек, Беларусь, Ливи, Тунисын лигт дасгалжуулагчаар ажилласан байна. Сербийн мэргэжилтэн Браниславаар удирдуулсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг наймдугаар сарын 11-16-нд Хонконгт болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Улмаар Японы Айчи-Нагояд есдүгээр сарын 19-нд эхлэх Азийн наадамд оролцоно. Эмэгтэйчүүд түүхэндээ 1994, 2006, 2010, 2022, эрэгтэйчүүд 1994, 2006, 2010, 2018, 2022 оны Азийн наадамд оролцжээ.


Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар аргентин мэргэжилтэн Пабло Дель Крекко томилсон байна. Түүний хувьд 2025-2026 оны улиралд дээд лигийн тоглолтод “Төв Миг Волвес” багийг удирдан, аваргын цом өргөсөн юм. Монгол, АНЭУ, Морокко, Саудын Араб, Аргентин, Турк зэрэг орны лигт 16 багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг түүний удирдлагад наймдугаар сарын 5-9-нд Монгол Улсад зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн, есдүгээр сарын 19-нөөс Азийн наадамд өрсөлдөх юм. 




Түүнчлэн U18 насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнгөнхуягийг, эмэгтэйчүүдийн шигшээгийн ахлахаар Р.Хангайг томилжээ. Эмэгтэйчүүд Тайландад долоодугаар сарын 1-7-нд зохион байгуулах U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. 



相关新闻