Бизнесийн салбарынхан оюуны талбарт стратегийн нүүдэл хийж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын бизнесийн салбарынхны оюуны чадвар, стратегийн сэтгэлгээг сорьсон “Алтан Бэрс-2026” корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт МҮХАҮТ-д боллоо.
МҮХАҮТ, Монголын Шатрын Холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд эдийн засгийн гол тулгуур салбаруудыг төлөөлсөн 30 гаруй топ аж ахуйн нэгж оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шилдэг их мастерууд болох Д.Батсүрэн, Б.Гүндаваа, Г.Мөнхгал, Б.Мөнгөнтуул болон олон улсын мастер С.Ган-Эрдэнэ нараар ахлуулсан багууд оролцож байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд түрүүлсэн баг Монгол
Улсаа төлөөлөн Дэлхийн корпорацуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг
албан ёсоор авах юм.

Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбатын санаачилгаар алтаар бүрж урласан “Алтан Бэрс” шилжин явах цомын төлөөх өрсөлдөөн ийнхүү эхэлж, оюуны спортыг корпорацын түвшинд дэмжих шинэ жишгийг тогтоож байгааг МҮХАҮТ мэдээлэв.
Өнгөрсөн жил болсон анхдугаар тэмцээнд Олон улсын мастер Х.Өлзийхишиг ахлагчтай “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ХК түрүүлжээ.