Байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонгохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-22 09:33:24

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 


УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус зөвлөлийн дарга П.Ганзоригийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр танилцуулж, түүний товч намтрыг уншиж сонсгов.


Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон том салбарыг хариуцдаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшиж буй П.Ганзоригийг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат илэрхийлж, нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд өнөө хэр шийдлээ хүлээсээр байгааг сануулсан юм. Тэрбээр хүн амын болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ямар байр суурь баримталж байгааг нь Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн П.Ганзориг болон УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс асууж, хариулт авлаа. Мөн УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Найдалаа нар үг хэлж, амжилт хүсэв.


УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгох тухай УИХ дахь ХҮН намын зөвлөлийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.1 хувь нь дэмжсэн учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

相关新闻