Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо.
Энэхүү өргөтгөлийн барилгын санхүүжилтийг анх 2018 онд улсын
төсөвт суулгажээ. Ковид-19 цар тахал, шүүхийн маргаан үүссэн зэрэг олон
шалтгаанаас барилгын ажил хойшилсоор өдийг хүрчээ. Нийслэлийн ЗДТГ-т эрх
шилжүүлэх шийдвэр гарснаар шүүхийн маргаан эцэслэгдэж, нэмэлт 4.0 тэрбум
төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэж, “Эм ди констракшн” ХХК
ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Тус сургуулийн сурагчид гурван ээлжээр, зарим нь түрээсийн
байранд хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай энэ өргөтгөл ашиглалтад
орсноор хоёр ээлжээр хичээллэж эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал, “УИХ-ын гишүүнээр
анх сонгогдсон тойрогтоо 10 жилийн дараа, Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа
баяртай байна. Тойргийнхоо тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн
хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 23, 29 дүгээр хороог сургууль,
цэцэрлэгтэй болгох, 62 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж хүүхдүүдийг гурван
ээлжээс чөлөөлөх, 12 дугаар сургуулийн барилгыг шинэчлэн бариулах зорилго
тавьж байсан. Хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харах сайхан байна” гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдааны
боловсролын салбартай хамаарах шийдвэрийг багш, ажилтнуудад танилцууллаа. Нэгдүгээрт,
салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Ингэснээр багш, ажилчид цалингийн нэгдсэн сүлжээтэй болж, ирэх сарын нэгнээс 50
хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна. НДШ, ЭМД-ын санд үүссэн өр
төлбөрөөс боловсролын байгууллагуудыг чөлөөллөө. Багш, ажилтнууд тэтгэвэр
тогтоолгох, жирэмсний амралт авах, хүүхэд асрах чөлөө хүсэх, эрүүл мэндийн
үйлчилгээ авах, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэхэд эрсдэл үүсэхгүй
боллоо.
Хоёрдугаарт, Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, эрх
чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт
хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье”
стратегийг баталлаа. Энэ хүрээнд “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж, сайн багшийг
тасралтгүй хөгжүүлж, гэрт ойрхон сайн сургуулийг төлөвлөж, шударга, нээлттэй
үнэлгээг нэвтрүүлнэ. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран дэлхийн
боловсролыг технологиор дамжуулан авна.
Боловсролын бодлого, санхүүжилтийг тогтвортой хангаж, багш нараа дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд багш нар ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэн хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.

