Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэрлэсэн танкер анх удаа Японд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-27 09:21:55

ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын тос тээвэрлэсэн танкер ням гарагт Японд ирсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Ираны дайн эхэлснээс хойш Америкаас тус улсад газрын тос нийлүүлсэн анхны тохиолдол болж байна.


АНУ-аас түүхий газрын тос худалдан авсан “Cosmo Energy Holdings” компанийн мэдээлснээр, Токиогийн буланд ирсэн тус танкер 145 мянган килолитр бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн нь Японы дотоодын хагас өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ ажээ. 


Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагааны улмаас дэлхийн эрчим хүчний эх үүвэрийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн тээвэрлэлт үндсэндээ хаагдаад байгаа билээ. Япон улс түүхий газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг Ойрх Дорнодоос авдаг бөгөөд нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь уг хоолойгоор дамждаг байна.


Дээрх танкер өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр Техас муж улсаас хөдөлж, бага оврын хөлөг онгоц нэвтрэх боломжтой Панамын сувгаар дамжин иржээ.


Японы Засгийн газар болон газрын тосны бөөний худалдаа эрхлэгчид Ормузын хоолойг тойрон гарах өөр замуудыг эрэлхийлж, эрчим хүчний нөөцөө бүрдүүлэхийг зорьж байна.


Үүний хүрээнд тус улс АНУ-аас гадна Өмнөд Америк болон Төв Азийн орнуудаас газрын тос татан авахаар төлөвлөж байгаа ажээ.

相关新闻