Ширээний теннисний тамирчид ДАШТ-д өрсөлдөхөөр Лондоныг зорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-27 12:43:10

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын ширээний теннисний холбооны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 2026 оны дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн Английн Лондон хотод маргааш эхэлнэ.


12 өдөр үргэлжлэх тус тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчид Лондон хотын зүг хүлгийн жолоо залжээ. Монголын эрэгтэй баг гуравдугаар хэсэгт Дани, Мадагаскар, Мексиктэй таарсан бол эмэгтэйчүүд Бразил, Чех, Казахстаны шигшээ багтай тоглохоор оноо таарсан юм. Энэхүү тэмцээнд зургаан тивээс шалгарсан 64 эрэгтэй, 64 эмэгтэй баг оролцох бөгөөд өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өрсөлдөх эрхээ авсан билээ.


100 жилийн түүхтэй ширээний теннисний ДАШТ-д монголчууд 1961 оноос оролцсон, Монголд хөгжсөн спортын төрлүүдээс хамгийн анхлан ДАШТ-д тамирчнаа илгээсэн төрөл юм.


Тэгвэл Олон улсын ширээний теннисний холбооноос багийн ДАШТ-д оролцогч багуудад тавих шалгуурыг нэмснээр 2016 оноос дэлхийн чансаанд хамгийн өндөр оноотой 40 баг л өрсөлддөг болсон юм. Хоёр жил тутамд болдог багийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй багаараа монголчууд хамгийн сүүлд 2017 онд орсон. Түүнээс хойш тэгш тоотой жилд багийн, сондгойд нь ганцаарчилсан төрлийн ДАШТ-ийг зохион байгуулах болжээ. Эмэгтэйчүүд 2018 онд Шведэд болсон ДАШТ-ээс хойш найман жилийн дараа дахин оролцох гэж байна.


Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон ААШТ-д эрэгтэйчүүд 12, эмэгтэйчүүд 15 дугаар байрт шалгарснаар Лондоныг зорих тийзээ халааслав.




相关新闻